ХОВД ИХ СУРГУУЛИЙН

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ

САЛБАР СУРГУУЛЬ

Захирлын мэндчилгээ

Мэндчилгээ

ZahiralМонгол Улсын баруун хязгаарт багш боловсон хүчин бэлтгэх эрдмийн нэгэн уурхай болсон Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль (УБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж) нь анх 1990 онд Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаас эхлэн эдүгээ 28 жил хөгжлийн түүхэн замыг туулж байгаа орон нутгийн дээд боловсролын байгууллагудын нэг юм. Тус сургууль 1997 онд УБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж, 2010 оноос Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж статусаа ахиулж, сургалт эрдэм шинжилгээний ажлын хүрээ нь өргөжсөн.

Одоогоор тус сургууль нь үндэстний онцлог бүхий Баян-Өлгий аймагтаа дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэдэг төрийн өмчит ганц их сургууль юм.

Тус сургууль байгуулагдсан цагаас хойш Соёлын ажилтан, Бага боловсролын багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Казах хэл уран зохиолын багш, Түүх нийгмийн ухааны багш, Математикийн багш, Математик- мэдээлэлзүйн багш, Урлагийн боловсролын багш, Байгаль орчныг хамгаалах технологич зэрэг мэргэжлээр 3000-аад боловсон хүчин бэлтгэн төгсгөсөн бөгөөд тэдний 70% нь ажлын байраар хангагдаж, эх орны өнцөг булан бүрт ба ОХУ, Казахстан, Турк зэрэг улсад мэргэжлээрээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа билээ.

Бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх багш хүний үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэчлэх , сургалтын орчноо сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн болон судалгааны ажлын чадавхийг дээшлүүлэхийн төлөө бид хамтдаа идэвх зүтгэлтэйгээр ажиллаж байна.

Цаашид бид орон нутгийн нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийн шинэ хөтөлбөр нээх, хос хэлтэй (казах-монгол) бага боловсролын багш бэлтгэх, төгсөгчдийн хос хэлний чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ, хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх улмаар багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт явуулахыг чухал зорилт болгож байна.

Эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгч, суралцагч оюутан залуус

та бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байгааг илэрхийлье.

 

Захирал доктор (Ph.D), дэд профессор Жылхайдарын Хиналган

 

Сүүлийн мэдээ